Зул өргөхөд доорхи номыг уншдаг байна.
Зул өргөхөд доорхи номыг уншдаг байна. Монголоор орчуулбал: Тосны шим далай огоот эргэлдэн хуйларсаны төв дунд Хотол чуулсан гэрэл төгөлдөр тосны галт зул үүгээр Харанхуй галавыг хоцроолгүй сайтар гийгүүлээд Зулт гэгээн галавын бурхан болохын хувийг илтээр олох болтугай. Тосон зулыг өргөсний буянаар Билэг ухааны зулыг түргэн олоод Эх болсон хамаг амьтны Харанхуйн хирийг арилгах болтугай. Ом бани бари суухаа. Буян болой. Дуудлагаар нь бол: Мархү жамцо ёнсүү чилвий үй Пунцог оддан мармэ-ей дон-мэ ди Мүнбаа галбар малүй салжэднай Доннам санжай ондүү товбар шог. Мармэ пүлбий соднам жий Шэйрав мармэ нүртов най Маржүр сэмжан тамжид жи Мүнбий димаа сэлбар шог. Ом пани пари сваха. Жич: Үгчлэн орчуулсан тул утгыг нь сайн гаргаагүй байж мэднэ шүү. Харанхуй галав гэж Бурхан Будда залраагүй, ном номлоогүй галавыг хэлнэ. Зулт буюу Гэгээн галав гэж Бурхан Будда заларч, номоо номлосон, түүний шашин оршин буй галавыг хэлдэг. Манай энэ галав бол Мянган бурхан залрах Зулт галав буюу гэгээн галав юм. Энэ галавын өмнөх галав нь харанхуй галав байсан хэмээн Сүмбэ хамба Ишбалжир "Эрдэнийн галбавасан мод" хэмээн шашины түүхийн зохиолдоо бичсэн байдаг. Галав гэдэг бол нэгэн сав ертөнцийн болоод шим амьтны орших хэмжээг заасан цаг хугацааны хамгийн урт нэгж юм.