Буриадад Даши Намдаковын “Хамгаалагч” гэх баримал нээлтээ хийжээ. Түүний энэхүү бүтээл...
Буриадад Даши Намдаковын “Хамгаалагч” гэх баримал нээлтээ хийжээ. Түүний энэхүү бүтээлд нүүдэлчдийн өв соёл, ур хийц, буриад зон олны үлгэр домог, туульсын итгэл үнэмшил, бөө мөргөлийн уламжлалт шүтлэг бишрэлийн илэрхийлэл зэрэг өнөөгийн бидний мартагдсан олон бэлгдэл шингэсэн бүтээл болжээ. Муухай царайтай, хачин юм гэж хүмүүс хэлэх л байх. Гэхдээ л аглаг бөглүү их Сибирь, хөвч тайга, өвөг дээдсийн их гэмшил харуусал тээж үлдсэн Буриад түмний тэр сүнслэг газар орныг хамгаалагч лус савдаг, сахиусыг далавчтай гоё сайхан хүүхэн, хөө хуягтай баатар эрээр дүрслэхгүй нь тодорхой шүү дээ. Хөшөөний тэргүүн хэсэгт нүүдэлчдийн эрхэм шүтээн шонхор шувуу, харцага малгайтай эрийг дүрсэлжээ. Ер нь энэ хөшөөг харахад нэг их гайхаад байх зүйлгүй ердөө л нүүдэлчдийн олон мянган жилийн жаргал зовлонг үл ажран хөдөө хээр хэдэн үеийг элээн оршсон хүн чулуун хөшөөг л харуулсан байна ш дээ. Ийм дүрслэлтэй хөшөө чулуу Нөмрөгийн сав газраас, Алтайн уулс хүртэл монгол нутагт өргөн дэлгэр тархсан бий. Хөшөөний суурь хэсэг бол исэр сандалтай хүн чулуун хөшөөний хэв загвараас санаа авчээ. Арын хэлбэр төрхийг харахад тухайн бүс нутгаас олдсон Чингисийн чулууны бичгийг л эдүгээчилсэн нь харагдана. Ер нь өөрсдийнхөө түүх соёлыг зөвхөн өнөөдрөөр төсөөлөхгүйгээр нүүдэлчдийн олон зуун жилийн үлгэр домгийн төсөөлөл, уран сэтгэмж, түүхэн баримтыг ганцхан хүрэл барималд дүрсэлж чаддаг Даши Намдаков ч сод амьтан л даа.