Баабар: Бямбын Ринчин
Баабар: Бямбын Ринчин Дайны дараах Монголын буриад сэхээтний сэргэлтийг Бямбын Ринчингүйгээр* төсөөлөх аргагүй. Тэр Хиагтын орчмын буриад айлаас гаралтай, Монголын шинэ үеийн хэл шинжлэл, утга зохиол, орчуулга, угсаатны зүйг бараг ганцаараа нэгэн их сургууль мэт авч явсан хүн байлаа. 1961 онд байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны академийн анхны есөн жинхэнэ гишүүний нэгээр сонгогджээ. Ринчингийн эцэг Раднаажав Бимбаев Нармай Монголын хуралд Сэлэнгийг төлөөлөн хөдөлгөөнд идэвхтэй оролцож явсан. Ийм удамтай хүний хувьд 1930-аад оны Монголд амьд үлдэнэ гэдэг өөрөө аз туршсан хэрэг байлаа. Даш Сампилоны гэрт Ринчин байнга ирж, ус зөөх, түлээ хөрөөдөх зэрэг ахуйн ажилд нь тусалдаг байсан тухай хуучны хүмүүс ярьдаг. Сампилон баригдан явахдаа эхнэр хүүхдээ харж хандаж байгаарай гэж түүнд захисан гэдэг. Албан баримт үлдээгүй ч ард түмний дунд амнаас ам дамжин яригддаг байсан хуучийн нэг. Гэвч удалгүй Ринчин өөрөө баригдаж, “Нармай Монголын Японы тагнуул” хэмээн яллагдан шоронд оржээ. Намын Үнэн сониг 1942 оноос орос хэлээр хэвлэн гаргах МАХН-ын Төв хорооны тогтоол гарсан дагуу боловсон хүчин олдохгүй учир Ринчинг мөн онд шоронгоос суласан. Тэрээр Үнэн сонинд 1958 он хүртэл 16 жил ажилласан байдаг. Хорихоос суллагдсан түүнд очих гэр орон байсангүй. Тэр Сампилоны бэлэвсэн эхнэр Раднаагийнд очиж, хожим түүнтэй гэр бүл болжээ. Раднаа түүнээс найман насаар ах, хоёр хүүхэдтэй байсан бөгөөд Ринчинтэй хамт амьдрахдаа дахин хүүхдүүдтэй болсон гэх. Энэ түүхийг Ринчин өөрөө нийтэд ярьдаггүй, албан намтарт ч бараг тэмдэглээгүй. Гэвч хэлмэгдлийн дараах Монголд өнчирсөн гэр бүлүүд хэрхэн бие биеэ түшиж амьд үлдсэний нэгэн чимээгүй түүх нь энэ юм.Ууган охин Нямаа* нүдний эмч, дараагийн охин Индра* багш, зоотехникч, хүү Барсболд* нэртэй палентологич. Ринчинг нэг удаа баривчлаад орхисонгүй. Түүний бүтээл, хэл, үзэл бодлыг олон жилээр хянаж байв. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчений бүтээл, тэр дундаа хэл шинжлэлийн суурь болон аяллын тэмдэглэл номууд тухайн үеийн нийгмийн хатуу үзэл суртал, улс төрийн шахалтаар шүүмжлэгдэж, зарим бүтээлийн хэсэг болон гар бичмэлүүд хураагдаж, хэвлэлд хориглон саатуулагдаж байсан түүхтэй. Тухайлбал, түүний алдартай “Монгол хэлний зүй” болон гадаад орноор аялсан тэмдэглэлүүд нь хэлмэгдүүлэлтийн болон үзэл суртлын хавчны улмаас олон нийтэд хүрэх замдаа саадтай тулгарч хоригдож байжээ. 1962 онд бүтээсэн “Хүний мөр” кинонд хилсээр гүтгэгдэн шоронд орсон багш “Монголын нууц товчоо” уншиж буй дүрс гарсныг Ринчинг дүрсэлжээ хэмээн үзэж киног хаалгасан тухай яриа ч бий. 1976 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны хэвлэл “Намын амьдрал” сэтгүүлийн №3-ын 73-75-р талд “Эрдэмтэн хүний өндөр үүрэг” хэмээх зохиогчийн нэргүй редакцын өгүүлэл хэвлэгджээ. Өгүүлэл Ринчингийн эрдэм шинжилгээний бүтээлтэй маргасангүй. Харин эцэг эх, дүү нар, удам угсаа, гэр бүлийн хөрөнгө чинээ, хувьсгалын үеийн холбоог нь ухаж, гуйвуулан дайрсан байна. МОНЦАМЭ-гийн орос хэлээр гардаг “Новости Монголии” сонин ч түүнийг даруй хуулан нийтэлжээ. Энэ бол нэг сэтгүүлийн ганц өгүүлэл байсангүй. Ринчингийн 1976 оны наймдугаар сарын 2-нд Цэдэнбалд бичсэн захидлаас үзэхэд Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Чимэддорж* уг өгүүллийг намын анхан шатны байгууллагуудын хурлаар судлан хэлэлцүүлэхийг тушаажээ. Улс даяар зохион байгуулсан Жорж Орвэлийн “хоёр минутын үзэн ядалт” гэсэн үг. Өндөр настай, хүнд өвчтэй эрдэмтнийг ном бүтээлээр нь бус, эцэг өвгөөр нь, танил нөхдөөр нь, буриад гарлаар нь нийтээр буруутгах кампанит ажил байлаа. Зөвлөлт Буриадын түүхч Б.Д.Цыбыков*, М.П.Хабаев* нар өгүүлэлд Ринчингийн эцэг эх, төрөл төрөгсдийн тухай бичсэн зүйлсийг баримтаар няцааж, Цэдэнбалд захидал явуулсан байна. Тэд Ринчингийн эцгийг нударган баян, Зөвлөлт засгийн эсэргүү этгээд болгон дүрсэлсэн, байшин хөрөнгө, үхлийн шалтгаан, дүү нарынх нь намтрыг гуйвуулсныг нэг бүрчлэн залруулжээ. Ринчин өөрөө нэрээ нуусан зохиогчийг эрс буруушаагаад, “нэрээ нуусан тэр этгээд ... замд минь хөндөлссөн сүүлчийн этгээд болох болтугай” хэмээн захидлаа төгсгөсөн юм. Тэр д