араа жилийн гуравдугаар сарын 4-нд нас баржээ. Дөчин жилийн турш үргэлжилсэн мөрдлөг, х...
араа жилийн гуравдугаар сарын 4-нд нас баржээ. Дөчин жилийн турш үргэлжилсэн мөрдлөг, хориг, гүтгэлгийн сүүлчийн цохилт нь энэ байлаа. Энд Цэдэнбалын үндэсний бодлогын нэгэн хачирхалтай зөрчил харагдана. Тэр “пролетарийн интернационализм”-ыг байнга номлож, өөрөө дөрвөд хүн байсан учраас ч тэр үү, хүмүүсийг халх, дөрвөд, буриад хэмээн үндэс угсаагаар нь ялган нэрлэхийг олон нийтийн хүрээнд цээрлэдэг байв. Энэ нь гаднаа Монголын ястан угсаатны ялгааг бүдгэрүүлж, бүгдийг социалист нэгэн ард түмэн болгон харагдуулах бодлого байлаа. Гэтэл Ринчинг буруутгахдаа энэ цээр гэнэт үйлчлэхээ болино. Түүнийг “цагааны үлдэгдлийн удам”, “Нармай Монголын үзэлтэн”, “үндэсний үзэлт буриадын хойч” хэмээн цоллох дуртай байжээ. Аман дээрээ үндэс угсаа, нутаг усаар ялгахыг цээрлэдэг байсан ч эрх мэдлийн дээд хүрээ өөр дүр зурагтай байв. Энэ бол цөөнхийн төлөөллийг зориуд хамгаалсан тэнцвэр төдий биш байв. Улс төрийн хамгийн дээд байгууллагад хүн амын үнэмлэхүй олонх огт төлөөлөлгүй шахам байхад нэг нутаг, цөөн хэдэн угсааны хүмүүс хэт төвлөрсөн нь “үндэс угсаа огт хамаагүй” гэсэн албан суртлыг няцаана. Үндэс угсааны тухай ард иргэд ярих эрхгүй боловч хэнийг дэвшүүлэх, хэнийг сэжиглэх үед удирдагчид өөрсдөө түүнийг маш сайн тооцож байжээ. Өөрөөр хэлбэл Цэдэнбал үндэс угсааг үгүй хийсэнгүй. Харин түүнийг нэрлэх, ашиглах онц эрхийг намын удирдлагад хадгалсан юм. Ингэснээр үндэс угсааны ялгаварлал арилсангүй, зөвхөн үг хэллэгээ сольсон юм. “Буриад учраас дайсан” гэж шууд хэлэхийн оронд “цагааны үлдэгдэл”, “нармай монголтон”, “хөрөнгөтний үндэсний үзэлтэн” гэж нэрлэнэ. Ангийн тэмцлийн хэлээр ярьж байгаа мэт боловч удам судрыг нь ухаж, эцэг өвгөөр нь яллаж буй учраас мөн чанартаа угсаатны буруутгал хэвээр байлаа. Пролетарийн интернационализмын дор үндэсний гарал албан ёсоор ач холбогдолгүй боловч улс төрийн дайсныг тодруулах мөчид хамгийн чухал нотолгоо болон хувирч байв. Ринчин нас барснаас хойш ч түүнийг “агнах” оролдлого үргэлжилж байсан. 1984 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатарт Цэдэнбалыг бүх албан тушаалаас нь чөлөөлж байх тэр агшинд мань хүн КГБ-ийн толгойлогч В.М.Чебриковт* хаяглан захидал бичжээ. Тэнд өөрийн орос эхнэрийг янз бүрээр өмөөрөхийн сацуу: …Зөвлөлтийн эсрэг шулуухан санаа бодолтой эхнэрүүд бий. Жишээ нь, Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Жагваралын эхнэр байна. Тэр бол Буриадын цагаач, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн профессор Бямбаев Ринчиногийн охин юм. Жагварал нь БНМАУ-ын АИХ-ын дарга асан Самбуугаас Ю.Цэдэнбалыг баривчлуулах бичиг авахыг завдаж байсан баримт бий (намын комиссын дарга Дэжидэд бий шиг санагдаж байна). Энэ тухай мэдээлсэн хүн нас барсан (магадгүй, учир битүүлгээр). Одоо үндсэрхэг үзэлтэн, Хятадын талыг баримталсан этгээдүүд толгойгоо өндийлгөх вий гэж би их санаа зовж байна. Манай зарим удирдах хүмүүсийн гэр бүлийн хүмүүсийн дотор гарцаагүй үндсэрхэг үзэлтнүүд бий. Тийм болохоор өнөөгийн санаа тавих гол зүйл бол удирдлагад жинхэнэ интернационалистуудыг тавих явдал мөн. Миний бие суут Лениний Коммунист намтай тогтоосон найрамдалд хэзээд үнэнч байсан бөгөөд эцсийн амьсгалыг хүртэл үнэнч байх болно. Гүтгэлгийг үнэн ялах болтугай. Ю.Цэдэнбал. 1984 оны наймдугаар сарын 20. Москва хот[i]. Гэвч Ринчингийн эсрэг дайралт түүнийг жижигрүүлсэнгүй. Харин Монголын төр өөрийнхөө айдсыг улам тод харуулсан юм. Монголд хавчигдсан хүн дэлхийд Монголын соёлын төлөөлөгчөөр хүндлэгдэж байлаа. Ринчин бол хэлмэгдсэн буриадын үр хүүхэд Монголын соёлын төвд эргэж ирсний хамгийн тод дүр байв. Тэр өөрийнхөө нэрийг цагаатгаад зогссонгүй. Цэвээн Жамсрано, Даш Сампилон, Элбэгдорж Ринчино нарын тасалдсан эрдмийн уламжлалыг чимээгүйхэн үргэлжлүүлжээ.