Монгол хэл дээрх мэдээлэл, эх сурвалжууд бидний хувьд маш чухал юм. Гэвч үүнээс ч илүү ...
Монгол хэл дээрх мэдээлэл, эх сурвалжууд бидний хувьд маш чухал юм. Гэвч үүнээс ч илүү чухал зүйл бол археологи, газарзүй, генетик болон бусад шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан хийсвэр сэтгэлгээ, логик дараалал мөн билээ. Чухамхүү эдгээрээс түүх үүдэн гардаг. Нэр томьёо нь аливаа судалгааны үндсэн хүчин зүйл юм… Диаспор гэдэг нь өөрийн түүхэн эх нутгаас гадуур оршин суудаг ард түмэн, эсвэл угсаатны бүлгийн нэг хэсгийг хэлдэг. Ийм бүлгийн хүмүүс өөрсдийн хэл, соёл, зан заншлаа хадгалан үлдэхийн зэрэгцээ бие биеэ дэмжих, эх оронтойгоо холбоо харилцаагаа таслахгүй байх зорилгоор төрөл бүрийн байгууллага, холбоодыг байгуулдаг. Монголчуудын хувьд «диаспор» гэх ойлголтын утга агуулгыг нухацтай авч үзэх шаардлагатай. Учир нь тэдний олонх нь Байгал нуурын бүс нутгийг бүхэлд нь хамарсан өөрсдийн угсаатны уугуул нутаг дэвсгэрт өнөөг хүртэл аж төрсөөр байна. 1990-ээд он болон 2000-аад оны эхэн үед Буриад-Монголчуудыг «диаспор» хэмээн мужийн захирагчийн амнаас сонсох нь миний хувьд туйлын таагүй санагддаг байлаа. Ийм үзэл бодолтой удирдагчидтай юу ярьж болох билээ? Эх орон, Төр гэсэн ойлголтууд бие биенээсээ тэс өөр. Төр оюун ухаанд, Эх орон зүрх сэтгэлд амьдардаг. Дэлхийн монголчуудын угсаатны нутаг дэвсгэр нь зургаан сая гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг бөгөөд үүнд Байгалын бүс нутаг, Алтай, Тува, Хакас, Өвөр Монгол, Ар Монгол, түүнчлэн Хятадын хойд хэсгийн өргөн уудам газар нутаг багтдаг. Мэдээж дэлхийн аль ч монгол хүн ийм өргөн уудам газар нутгийг өмчлөх, эзэмших тухай шаардлага тавьдаггүй. Гэвч дэлхийн монголчуудын угсаа гарвал бүрэлдэн тогтсон эх нутаг, түүхэн өлгий нутгаа мэдэж байх нь зүй ёсны хэрэг мөн. Виктор Балдоржиев.