Орос --> монгол уран зохиолын орчуулгын ээлжит нэгэн жишээ: "Ласковый ветерок в городе ...
Орос --> монгол уран зохиолын орчуулгын ээлжит нэгэн жишээ: "Ласковый ветерок в городе Н" (Владимир Санин, 1970 он) хэмээх шог хошин өгүүллэгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва "З хотоор дайрч өнгөрсөн тааламжит салхи" нэртэйгээр 1984 онд хөрвүүлж гаргасныг авч үзье. -Орос хэлэнд "город Н" гэдэг нь нэр тодорхойгүй жив жирийн байдаг л нэгэн хот суурин гэсэн утгыг илэрхийлдэг. Манайхаар бол нэгэн аймгийн эсвэл сумын төв гэхтэй төстэй. Үүнийг "З хот" (цагаан толгойн 3э) гэж буулгасан байна. "Зүгээр л нэг хот" гэсэн утгаар. -Дүрүүдийн нэрийг заримыг монголчилж, заримыг хэвээр үлдээсэн нь жаахан нэгэн төрөл бус санагдав: Бессонова - Хулжмаа, Петров - Хатанхүү, Жмых - Татуу, Дошкольный - Багахүү, Степкин - Ич , Степкина - Ичмаа гэх мэт. Тэгснээ Юрский - Юрский, Скворцов - Скворцов. Ич, Ичмаа гэдэг дээр жаахан эргэлзчихлээ. Бас "Скворцов"-ыг зүгээр "Шувуухүү" гэж болоогүй юм уу? Тэртээ тэргүй баахан "хүү" хэрэглэсэн байж Гадаад зохиолын дүрийг үгийн язгуураар (гарал үүслээр) нь хөөж дүйцүүлэн хөрвүүлээд шаардлагатай бол дагавар залгаж монголчилдог ийм аргачлалыг жишээ нь Н.Носовын "Үл мэдэх ба түүний нөхөд" (Незнайка и его друзья) цуврал зохиолын монгол орчуулгад хэрэглэсэн байдаг. Сүүлийн үеийн зарим орчуулагч бас мэр сэр хэрэглэсэн нь миний л мэдэхээр Энди Вейрийн "Project Hail Mary" романы монгол орчуулгад ("Тэнгэр мэдэг ажиллагаа", Монсудар) нөгөө харь гаргийн нөхрийн нэрийг (Rocky) Чулуунаа гэж монголчилсон байгаа. Миний мэдэхгүй өөр жишээ байвал сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. -"Джигит"-ийг "морьтон эр" гэж оруулсан нь харин зөрчихсөн байна гэж бодогдлоо. Уг нь "морьтон эр" гэсэн утгатай үг мөн боловч энэ зохиолд "кавказ эр", "кавказ хархүү" гэсэн утгаар л хэрэглэгдэж байгаа. Н хот бол Оросын төв хэсэг (Средняя полоса) хавийн жирийн нэг хотыг илэрхийлж байгаа гэвэл тэндхийн зах дээр жимс зарж зогсох кавказ эрчүүд хаанаасаа морь хөлөглөсөн байх билээ? Тэгээд ч маргааш нь нутаг буцаж байгаа (улетели на юг - үгчилбэл "өмнө зүг рүү ниссэн" буюу нэлээн алс холыг зорисон хэмээх утгатай, мориор туулж барахааргүй хол зай гэсэн үг). Жимс зарж байгаа бол бүр өвөр кавказ (азербайжан, армян эсвэл гүрж, осетин) ч байж магадгүй. -Мандарин - жүрж гэх нь зөв үү? Энэ дээр бол яг ийм тийм гэж чадашгүй нь. Магадгүй нэг овог энэ тэр юм болов уу? Ургамал судалдаг хүн яг хэлнэ дээ. Бусдаар бол уран зохиолын орчуулга хэрхэн хийгддэг, утга найруулгыг яаж гаргадаг, өгүүлбэрийн бүтцийг яг таг дуурайх эсвэл дуурайлгүй салган нийлүүлэн буулгадгийг энэ орчуулгаас харж болно. Залуу орчуулагчдад хэрэгтэй болов уу. (Зургийг компьютерын монитор дээр томруулж үзвэл зохимжтой.)